KKova LabГарын авлага

AI-аар борлуулалтаа өсгө

Захиалга өгөхдөө бүртгүүлсэн утасны дугаараа оруулна уу. Энэ хуудас зөвхөн захиалагчдад нээлттэй.

Нэвтэрч чадахгүй байна уу? Kova Lab-ийн Messenger-т бичээрэй, 15 минутад шийднэ.

KГарын авлага

Бүлэг 1 / 7

AI-г зөв ашиглах суурь

Энэ бүлгийн дараа: AI-д даалгавар өгөх зөв аргыг мэднэ, анхны 3 ажлаа 30 минутад хийлгэнэ.

Яагаад

Ихэнх бизнес эрхлэгч AI-г нэг удаа туршаад «муу хариулж байна» гээд орхидог. Асуудал нь AI-д биш, түүнд юу гэж хэлж байгаад байдаг. AI бол шинэ ажилтан: танай бизнес, үйлчлүүлэгч, зорилгыг мэдэхгүй. Хэлж өгвөл ажиллана.

Аль tool

Энэ гарын авлагын бүх prompt ChatGPT, Claude, Gemini гурвын аль дээр нь ч ажиллана. Нэгийг нь сонгоод л эхэл:

Хэрхэн нээхТөлбөрДавуу тал
ChatGPTchatgpt.com, Google-ээр нэвтэрнэТөлбөргүй хувилбар хангалттайХамгийн түгээмэл, утасны апп сайн
Claudeclaude.aiТөлбөргүй хувилбар хангалттайУрт текст, монгол хэлний чанар сайн
Geminigemini.google.comТөлбөргүйGoogle аккаунттай бол нэмэлт бүртгэлгүй

Утасны аппаа суулга. Ихэнх ажил утсан дээр, 2 минутад хийгдэнэ.

Prompt бичих 4 хэсэг

Prompt гэдэг нь AI-д өгөх даалгавар. Сайн prompt 4 хэсэгтэй. Доорх загварыг хуулаад [ ] хаалтыг бөглө:

Prompt
Чи [миний бизнес]-ийн маркетингийн туслах.
Бизнес: [юу зардаг, хэнд, хаана, онцлог].
Даалгавар: [яг юу хийх].
Хэлбэр: [хэдэн ширхэг, хэр урт, ямар өнгө аяс].

Жишээ (кофе шоп):

Prompt
Чи «Аяга» кофе шопын маркетингийн туслах.
Бизнес: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэгт байрлах жижиг кофе шоп. Оффисын ажилчид өглөө, үдээс хойш ирдэг. Онцлог: өөрсдөө хуурдаг кофе, гэртээ хийсэн бэйкери.
Даалгавар: Facebook-т тавих 3 постын текст бич.
Хэлбэр: тус бүр 3-4 өгүүлбэр, найзтайгаа ярьж байгаа мэт дулаан өнгө аяс, төгсгөлд нь нэг асуулт.

Энэ 4 хэсгийн нэг нь дутвал хариулт ерөнхий гарна. «Пост бич» гэхэд муу хариулт гардаг шалтгаан нь энэ.

Бизнесийн карт: нэг удаа бичээд үргэлж ашиглана

Бизнесээ тайлбарласан 5-8 мөрийг нэг удаа бичээд утсандаа хадгал. Дараа нь prompt бүрийн эхэнд хуулна. Энэ бол гарын авлагын хамгийн чухал зүйл.

Prompt
БИЗНЕСИЙН КАРТ
Нэр: 
Юу зардаг: 
Хэнд (гол үйлчлүүлэгч, нас, хэрэгцээ): 
Хаана, цагийн хуваарь: 
Үнийн түвшин (хямд / дунд / үнэтэй): 
Бусдаас ялгарах 1-2 зүйл: 
Үйлчлүүлэгчийн хамгийн их асуудаг 3 асуулт: 
Хэлний өнгө аяс (албан / найрсаг / залуу):

Бөглөхөд хэцүү бол AI-аар бөглүүл:

Prompt
Би бизнесийнхээ картыг бөглөх гэж байна. Доорх 8 асуултыг надаас нэг нэгээр нь асууж, миний хариултад тулгуурлан картыг бүрэн бөглөж өг. Асуулт: [картын 8 мөрийг хуул].

Анхны 3 prompt (30 минут)

Картаа бэлэн болгоод энэ гурвыг дарааллаар нь хий. Prompt бүрийн эхэнд картаа хуулна.

1. Үйлчлүүлэгчийн нүдээр

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Миний бизнесийн гол үйлчлүүлэгчийн оронд өөрийгөө тавь. Надаас худалдан авахаасаа өмнө ямар 5 эргэлзээ, асуулт төрөх вэ? Тус бүрд нь би юу гэж хариулбал итгэл төрөх вэ?

Үр дүн: Messenger-т хариулах, пост бичихэд хэрэгтэй бүх суурь эндээс гарна.

2. Өнөөдрийн пост

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Өнөөдөр Facebook-т тавих нэг пост бич. Сэдэв: [нэг бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ]. Эхний мөр нь дэлгэцээ гүйлгэж байгаа хүнийг зогсоох асуулт эсвэл тоо байг. 4 өгүүлбэрээс хэтрэхгүй. Төгсгөлд нь «Messenger-ээр бичээрэй» гэсэн утгатай нэг дуудлага. Хэт чамин үг, хоосон магтаал бүү ашигла.

3. Сэтгэгдэлд хариулах

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Үйлчлүүлэгч Google Maps дээр ийм сэтгэгдэл үлдээжээ: «[сэтгэгдлийг хуул]». Эзний нэрийн өмнөөс 2–3 өгүүлбэрээр хариу бич: хэвшмэл загварын үг биш, эелдэг, тодорхой, дахин ирэхийг урьсан байг. Хэрэв гомдол бол уучлалт гуйж, асуудлыг хэрхэн засахаа хэл, маргахгүй.

Хариултыг сайжруулах 3 үг

AI-ийн эхний хариулт ихэвчлэн бүрэн зөв байдаггүй. Дараах гурван үгээр сайжруул:

  • «Богино болго» — ихэнх тохиолдолд хэт урт бичдэг.
  • «Энгийн үгээр» — албан, орчуулга шиг сонсогдвол.
  • «Өөр 3 хувилбар» — гурваас нэгийг сонгох нь шинээр бичүүлэхээс хурдан.

Шалгах

Түгээмэл алдаа

  1. Картгүй prompt. «Пост бич» гэхэд хэний ч бизнест тохирох ерөнхий текст гарна.
  2. Эхний хариултыг шууд ашиглах. Заавал уншаад, өөрийн үгээр нэг зүйл нэм. Үйлчлүүлэгч AI-ийн бичсэн текстийг таньдаг.
  3. Үнэ, баталгааг AI-аар зохиолгох. AI мэдэхгүй зүйлээ зохиодог. Үнэ, хугацаа, баталгааг өөрөө бич.
  4. Нэг chat-д бүх ажлаа хийх. Сэдэв бүрт шинэ chat нээ: пост, хариулт, санал тусдаа.

Бүлэг 2 / 7

Messenger, Instagram-ын асуултад хурдан хариулах

Энэ бүлгийн дараа: 10 түгээмэл асуултын хариулт бэлэн, Meta-гийн төлбөргүй автомат хариулт асаалттай, шөнө ирсэн мессеж ч хариултгүй үлдэхгүй.

Яагаад

Үйлчлүүлэгч Messenger-ээр бичээд 1 цаг хариу авахгүй бол өөр газар бичдэг. Асуултын ихэнх нь ижил: үнэ, хаяг, цаг, хүргэлт, захиалга. Эдгээрийг нэг удаа сайн бичээд автомат болговол өдөрт хэдэн арван минут чөлөөлөгдөж, нэг ч үйлчлүүлэгч алдагдахгүй.

Алхам 1. Асуултын сан гаргах (10 мин)

Messenger-ээ нээж, сүүлийн 2 долоо хоногт давтагдсан асуултуудыг жагсаа. Санахгүй бол AI-аар гаргуул:

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Миний бизнес рүү Messenger-ээр ирдэг хамгийн түгээмэл 10 асуултыг жагсаа. Үнэ, хаяг, цагийн хуваарь, захиалга, хүргэлт, төлбөр, нөөц, буцаалт гэх мэт бүлгээр ангил. Асуулт бүрийг үйлчлүүлэгчийн яг бичдэг хэлбэрээр (богино, заримдаа латин үсгээр) бич.

Гарсан жагсаалтаас бодитоор ирдэггүй асуултыг хас, дутууг нэм.

Алхам 2. Хариултын сан бичих (15 мин)

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Доорх 10 асуулт тус бүрд Messenger-т бичих хариулт бэлд. Дүрэм: 2–3 өгүүлбэр; эхний өгүүлбэр нь асуултад шууд хариулна; сүүлийн өгүүлбэр нь дараагийн алхмыг санал болгоно (захиалах, залгах, хаягаа илгээх); «Сайн байна уу» гэж эхлэхгүй; үнэ, цаг, хаягийг [ ] хаалтанд үлдээ, би өөрөө бөглөнө.
Асуултууд: [жагсаалтаа хуул]

Хаалтыг бодит үнэ, цагаараа бөглө. AI-ийн зохиосон үнийг хэзээ ч бүү үлдээ.

Хариултуудаа утасны тэмдэглэл эсвэл Meta Business Suite-ийн Saved replies-д хадгал. Хариулахдаа хуулаад, нэг үг нэмээд явуул.

Алхам 3. Meta-гийн төлбөргүй автомат хариулт (20 мин)

Facebook хуудас бүрт Meta өөрөө төлбөргүй автоматжуулалт өгдөг. Гуравдагч талын апп, төлбөр хэрэггүй.

Хаана: Meta Business Suite (business.facebook.com) → зүүн цэснээс Inbox → дээд хэсгийн Automations. Instagram-ыг хуудастайгаа холбосон бол хоёуланд нь ажиллана.

Асаах 3 зүйл:

  1. Instant reply (шууд хариулт). Хэн нэгэн анх удаа бичихэд автоматаар очно. Текст:
    Загвар
    Бичсэнд баярлалаа! [Ажлын цагт] 15 минутын дотор хариулна. Яаралтай бол [утас] руу залгаарай. Үнэ, хаяг, цагийн хуваарийг доор бичлээ: [2–3 мөр]

Хамгийн их асуудаг 2–3 зүйлийн хариултыг шууд энд тавь. Олон хүн үүгээр л хариултаа авна.

  1. Away message (ажлын бус цагийн хариулт). Ажлын цагийн хуваариа тохируулаад доорх текстийг тавь:
    Загвар
    Одоо ажлын бус цаг байна. Маргааш [цаг]-аас хариулна. Захиалгаа энд бичээд үлдээгээрэй, эхэлмэгц баталгаажуулна.
  1. Frequently asked questions (FAQ, түгээмэл асуулт). Үйлчлүүлэгч chat нээхэд дарж болох 4 асуулт харагдана. Алхам 2-ын сангаас хамгийн чухал 4-ийг сонгоод хариултаа тавь. Жишээ: «Үнэ хэд вэ?», «Хаана байдаг вэ?», «Хэдэн цагт ажилладаг вэ?», «Яаж захиалах вэ?».

Нэмэлт: Comment to message — пост дээр тодорхой үгээр (жишээ нь «ҮНЭ») коммент бичсэн хүнд автоматаар DM очно. Пост бүрийн төгсгөлд «ҮНЭ гэж коммент бичээрэй» гэвэл Messenger-т яриа эхэлнэ.

Анхаар: Meta-гийн цэсний нэр, байршил хааяа өөрчлөгддөг. Олдохгүй бол Meta Business Suite-ийн хайлтад «Automations» гэж бич.

Алхам 4. Хүн хариулах шаардлагатай асуултыг таних

Автомат хариулт бүхнийг шийдэхгүй. Дараах тохиолдолд өөрөө, бас хурдан хариул:

  • Гомдол, буцаалт
  • Том захиалга, хамтын ажиллагааны санал
  • «Хэдэн хүн», «ямар өдөр» гэх мэт тодруулах шаардлагатай захиалга

Ийм мессежид хариу бичихдээ AI-г ашигла:

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Үйлчлүүлэгч ингэж бичжээ: «[мессежийг хуул]». Хариу бич: 2–3 өгүүлбэр, эхлээд асуудлыг нь хүлээн зөвшөөр, дараа нь тодорхой шийдэл эсвэл дараагийн алхмыг хэл, төгсгөлд нь нэг асуулт тавь. Маргахгүй, уучлалт гуйхдаа хэтрүүлэхгүй.

Алхам 5. Хариулах хугацааны дүрэм

Хэмжиж болох нэг л дүрэм: ажлын цагт 15 минут, бусад үед автомат хариулт. Утсандаа Messenger-ийн мэдэгдлийг асаа. Нэг хүнийг хариуцуул: хоёр хүн байвал хоёулаа «нөгөө нь хариулсан байх» гэж боддог.

Шалгах

Түгээмэл алдаа

  1. Instant reply-д зөвхөн «Баярлалаа, удахгүй хариулна» гэж бичих. Хамгийн их асуудаг зүйлийг тэнд шууд тавь, тэгвэл үйлчлүүлэгч хариулт хүлээхгүй.
  2. Автомат хариулт асаагаад хариулахаа болих. Автомат хариулт цаг хожуулна, гэхдээ хүний хариултыг орлохгүй.
  3. Үнэ хэлэхээс зайлсхийх. Үнийг «Messenger-ээр асуугаарай» гэж нуудаг хуудаснаас хүмүүс гардаг. Ядаж үнийн хүрээг бич.
  4. Латинаар бичсэн асуултыг тооцохгүй байх. Үйлчлүүлэгч «une hed ve» гэж бичдэг. FAQ товчлууруудыг ашиглавал бичих шаардлагагүй болно.

Дараагийн алхам

Асуултын сан, хариултын сан хоёр бэлэн болсон бол та автомат bot-ын суурийг аль хэдийн хийчихсэн. Үүнийг бүрэн 24/7 bot болгох нь хэзээ үр ашигтай вэ гэдгийг 7-р бүлэгт ярина.

Бүлэг 3 / 7

30 хоногийн пост, reel

Энэ бүлгийн дараа: сарын контентын төлөвлөгөө бэлэн, 12 постын текст бичигдсэн, reel-ийн 4 script гарт байна. Сард нэг удаа 60 минут.

Яагаад

Хуудас тань 2 долоо хоног чимээгүй байвал хүмүүс мартдаг, Facebook ч таныг бага харуулдаг. Гэхдээ өдөр бүр «юу тавих вэ» гэж бодох нь хамгийн их цаг иддэг. Шийдэл: сард нэг удаа 30 хоногийн төлөвлөгөө гаргаад, AI-аар текстийг нь бичүүлж, дараа нь зөвхөн зураг авч тавина.

Постын 4 төрөл

Сайн хуудас зөвхөн нэг төрлийн пост тавьдаггүй. Энэ 4 төрлийг нэг нэгээр нь ээлжлүүл:

ТөрөлЮуЖишээ
БүтээгдэхүүнНэг зүйлийг тодорхой харуулна«Энэ долоо хоногийн шинэ цэс», «Өвлийн багц»
Ар талХэрхэн хийгддэг, хэн хийдэгГал тогоо, ажлын өдөр, баг
ЗөвлөгөөҮйлчлүүлэгчид хэрэгтэй нэг мэдлэг«Кофег хэрхэн хадгалах», «Шүдээ хэзээ шалгуулах»
НотолгооСэтгэгдэл, үр дүн, тооҮйлчлүүлэгчийн үг, өмнө/дараа

Зарын пост («худалдаж аваарай») энэ 4-ийн гадна, сард 2–3-аас илүүгүй. Хуудас бүхэлдээ зар бол хүмүүс дагахаа больдог.

Алхам 1. Сарын төлөвлөгөө (15 мин)

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Ирэх 30 хоногийн Facebook, Instagram-ын контентын төлөвлөгөө гарга. Долоо хоногт 3 пост (нийт 12), тус бүр нь 4 төрлийн нэг: бүтээгдэхүүн, ар тал, зөвлөгөө, нотолгоо. Төрлүүдийг жигд ээлжлүүл. Хүснэгтээр: № | Өдөр | Төрөл | Сэдэв (нэг мөр) | Ямар зураг хэрэгтэй. Энэ сарын онцлог: [баяр, улирал, шинэ бүтээгдэхүүн, хямдрал — байвал бич].

Хүснэгтийг харж, бодитоор зураг авч чадахгүй сэдвийг соль: «энэ 3 сэдвийг өөр сэдвээр соль, [шалтгаан]».

Алхам 2. 12 постын текст (20 мин)

Төлөвлөгөөг баталсны дараа:

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Доорх төлөвлөгөөний 12 пост тус бүрд текст бич. Дүрэм: эхний мөр нь дэлгэцээ гүйлгэж байгаа хүнийг зогсоох (асуулт, тоо эсвэл гэнэтийн мэдэгдэл), 3–5 өгүүлбэр, найзтайгаа ярьж байгаа мэт, хоосон магтаалгүй («хамгийн шилдэг», «гайхалтай» гэх мэт үг хэрэглэхгүй), төгсгөлд нь нэг энгийн дуудлага (асуулт, «Messenger-ээр бичээрэй», «хадгалаарай»). Hashtag 3-аас илүүгүй. Пост бүрийн доор «Зураг:» гэж ямар зураг авахыг нэг мөрөөр бич.
Төлөвлөгөө: [хүснэгтээ хуул]

12 постыг тэмдэглэлийн апп-д хадгал. Нийтлэхдээ ядаж нэг үг өөрчилж, өөрийн өнгө оруул.

Алхам 3. Reel (богино видео) — 4 script (15 мин)

Reel бол шинэ хүмүүст хүрэх хамгийн хямд арга. Утсаараа 15–30 секундын бичлэг авахад хангалттай. Сард 4 reel, долоо хоногт 1.

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Утсаар авах 15–30 секундын 4 reel-ийн script бич. Тус бүрд: (1) эхний 2 секундэд дэлгэцэн дээр гарах hook текст (7 үгээс хэтрэхгүй), (2) юу авах: 3–4 кадр, кадр бүр хэдэн секунд үргэлжлэх, (3) дэлгэцэн дээрх тайлбар текстүүд, (4) caption 2 өгүүлбэр. Камерын өмнө ярих шаардлагагүй, зөвхөн дүрс бичлэг + текст байж болно. Сэдэв: ар тал, бүтээгдэхүүний ойрын зураг, үйлчлүүлэгчийн үр дүн, нэг зөвлөгөө.

Reel-д хүний нүүр гарах шаардлагагүй. Гар, бүтээгдэхүүн, орчин хангалттай. Ард нь Instagram-ын тренд дуу тавь, тэгвэл илүү олон хүнд хүрнэ.

Алхам 4. Hook — эхний мөр л бүх зүйлийг шийднэ

Хүмүүс эхний мөрийг уншаад л гүйлгэх эсэхээ шийддэг. Муу hook: «Манай кафед тавтай морил». Сайн hook-ийн 5 загвар:

  1. Асуулт: «Өглөөний кофегоо хаанаас авдаг вэ?»
  2. Тоо: «Нэг аяга кофенд 18 грамм, яагаад?»
  3. Алдаа: «Ихэнх хүн кофегоо буруу хадгалдаг.»
  4. Өмнө/дараа: «3 сарын өмнө энэ ширээ хоосон байсан.»
  5. Нууц: «Цэсэнд байдаггүй нэг зүйл.»
Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Энэ постод 5 өөр hook бич (асуулт, тоо, алдаа, өмнө/дараа, нууц): [постын текстээ хуул]. Тус бүр 10 үгээс хэтрэхгүй.

Алхам 5. Хэзээ, хэрхэн тавих

  • Цаг: үйлчлүүлэгчийн тань сул цаг. Оффисын хүн бол 12:00 ба 18:00–20:00. Гэрийн эзэгтэй бол 10:00 ба 21:00. Нэг сар туршаад Facebook-ийн Insights-ээс өөрийн тоог хар.
  • Урьдчилж товлох: Meta Business Suite → Planner дээр 12 постоо нэг дор товлож болно. Нэг удаа суугаад л бүтэн сарын пост автоматаар гарна.
  • Reel: Instagram апп дээрээ тавихдаа «Share to Facebook» сонголтыг асаа, тэгвэл хоёр газар нэгэн зэрэг гарна.
  • Сэтгэгдэл: пост тавьсны дараах эхний 1 цагт ирсэн сэтгэгдэлд хариул. Facebook үүнийг хардаг.

Шалгах

Түгээмэл алдаа

  1. Бүх пост зар. 4 төрлийг ээлжлүүл. Хүмүүс хуудсыг «зардаг» гэж биш, «сонирхолтой» гэж дагадаг.
  2. AI-ийн текстийг шууд хуулах. Нэг өгүүлбэр өөрийнхөөрөө нэм. Таны хуудасны дуу хоолой нь та өөрөө.
  3. Stock зураг. Утсаар авсан бодит зураг нь интернетээс татсан гоё зургаас илүү үр дүн өгдөг. Хүмүүс бодит байдлыг хайдаг.
  4. Нэг долоо хоног идэвхтэй, дараа нь алга. Сард 12 пост тогтмол тавих нь нэг долоо хоногт 20 пост тавиад зогсохоос хавьгүй дээр.
  5. Hashtag-аар дүүргэх. 3 хүрэлцэнэ. 20 hashtag спам шиг харагддаг.

Бүлэг 4 / 7

Google Maps профайл, сэтгэгдэл

Энэ бүлгийн дараа: Google Maps дээрх профайл гүйцэд, сэтгэгдэл хүсэх мессеж бэлэн, сэтгэгдэлд хариулах загвар гарт байна. 30 минут, дараа нь долоо хоногт 5 минут.

Яагаад

Шинэ хүн «ойролцоох кофе шоп», «шүдний эмнэлэг Хан-Уул» гэж Google-д хайдаг. Танай профайл гүйцэд, сэтгэгдэл олон, хариултууд нь эелдэг бол тэр хүн танайд ирнэ. Энэ бол төлбөргүй атлаа хамгийн их орхигддог суваг. Монголд ихэнх бизнесийн Google профайл хагас дутуу, тиймээс та бага ажлаар л ялгарна.

Алхам 1. Профайлаа эзэмших (10 мин)

  1. Google Maps дээр бизнесийнхээ нэрийг хай.
  2. Профайл байвал «Own this business?» / «Энэ бизнесийг эзэмшдэг үү?» дээр дарж баталгаажуул. Байхгүй бол business.google.com дээр шинээр нэм.
  3. Баталгаажуулалтыг ихэвчлэн утсаар, имэйлээр эсвэл видеогоор хийнэ. Хэдэн хоног болж магадгүй.

Алхам 2. Профайлаа гүйцээх (15 мин)

Google бүрэн бөглөсөн профайлыг хайлтад дээгүүр харуулдаг. Бөглөх зүйлс:

Тайлбарыг AI-аар бичүүл:

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Google Business профайлын тайлбар бич: 600–700 тэмдэгт, эхний өгүүлбэрт юу, хэнд, хаана гэдгийг хэл, дунд нь ялгарах 2 зүйл, төгсгөлд нь хэрхэн холбогдох. Хүмүүсийн хайдаг үгсийг (жишээ нь «[дүүрэг] кофе шоп») байгалийн байдлаар оруул, хэт давтахгүй. Магтаал, «хамгийн» гэдэг үг хэрэглэхгүй.

Алхам 3. Сэтгэгдэл хүсэх (5 мин бэлтгэл, дараа нь тогтмол)

Сэтгэгдлийн тоо, үнэлгээ аль аль нь чухал. Гэхдээ хүмүүс ихэвчлэн өөрсдөө бичдэггүй, тиймээс хүсэх хэрэгтэй.

Сэтгэгдлийн шууд линк: Google Business профайл → «Ask for reviews» / «Сэтгэгдэл хүсэх» → линкийг хуул. Энэ линк дээр дарахад сэтгэгдэл бичих цонх шууд нээгдэнэ.

Хэзээ хүсэх: үйлчлүүлэгч сэтгэл хангалуун байгаа яг тэр мөчид. Төлбөр төлсний дараа, «баярлалаа» гэж хэлсний дараа, Messenger-ээр «гоё байлаа» гэж бичсэний дараа.

Мессежийн загвар:

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Сэтгэгдэл хүсэх 3 богино мессеж бич: (1) Messenger-ээр үйлчилгээний дараа, (2) ширээн дээр тавих жижиг карт (QR кодтой), (3) хүргэлтийн баглаанд хийх хуудас. Тус бүр 2–3 өгүүлбэр, гуйж байгаа мэт биш энгийн өнгө аястай, «1 минут» гэдгийг дурд, юу ч шаардахгүй. Линкийн оронд [ЛИНК] гэж үлдээ.

Дүрэм: сэтгэгдэл бичүүлэхийн тулд хөнгөлөлт, бэлэг амлахгүй. Google үүнийг хориглодог, профайлыг түдгэлзүүлж болно.

Алхам 4. Сэтгэгдэл бүрд хариулах

Хариулт нь сэтгэгдэл бичсэн хүнд биш, дараа нь уншиж байгаа 100 хүнд зориулагдсан. Бүх сэтгэгдэлд 48 цагийн дотор хариул.

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Google сэтгэгдэлд хариу бич. Сэтгэгдэл: «[сэтгэгдлийг хуул]», үнэлгээ: [одны тоо].
Дүрэм: 2–3 өгүүлбэр, сэтгэгдлийн тодорхой нэг зүйлийг дурд (ерөнхий «баярлалаа» биш), дахин урь. Сөрөг бол: эхлээд уучлалт, дараа нь юу засахаа тодорхой хэл, маргахгүй, шалтаг тоочихгүй, утсаар холбогдохыг санал болго. Бизнесийн нэрээ хариултад нэг удаа оруул.

Сөрөг сэтгэгдэл бол дайсан биш. Эелдэг, тодорхой хариулт нь уншигчдад «энэ газар асуудлаа хүлээн зөвшөөрдөг юм байна» гэж ойлгуулна. 5 одтой 20 сэтгэгдлийн дунд сайн хариулсан нэг 2 одтой сэтгэгдэлтэй профайл нь зөвхөн 5 одтой сэтгэгдэлтэй профайлаас илүү итгэл төрүүлдэг.

Алхам 5. Долоо хоногт 5 минут

  • Шинэ сэтгэгдэлд хариулах
  • 1 шинэ зураг нэмэх
  • Google Business-ийн «Пост» хэсэгт 3-р бүлгийн нэг постыг хуулж тавих (Google-д ч харагдана)

Шалгах

Түгээмэл алдаа

  1. Нэрэнд нэмэлт үг. «Аяга кофе — Хан-Уулын шилдэг кофе» гэх мэт. Google үүнийг хориглодог, профайлыг хаадаг.
  2. Сөрөг сэтгэгдэлд маргах. Уншигч бүр үүнийг харна. Нэг удаа эелдэг хариулаад, дараа нь утсаар шийд.
  3. Найз нөхдөөр сэтгэгдэл бичүүлэх. Google ийм сэтгэгдлийг таньж устгадаг, профайлд муугаар нөлөөлнө.
  4. Цагийн хуваарь хуучирсан. Хаалттай цагт ирсэн хүн хамгийн муу сэтгэгдэл бичдэг. Баярын өдрүүдийг урьдчилж оруул.

Бүлэг 5 / 7

Хуучин үйлчлүүлэгчээ буцааж авчрах

Энэ бүлгийн дараа: үйлчлүүлэгчийн жагсаалттай, 5 follow-up мессежийн загвартай, хэзээ явуулах хуваарьтай болно. 30 минут.

Яагаад

Шинэ үйлчлүүлэгч олох нь хуучнаа буцааж авчрахаас хэд дахин үнэтэй. Нэг удаа ирсэн хүн таныг мартдаг: үйлчилгээ тань муу байсных биш, амьдрал нь завгүй учраас. Сануулахад нэг л мессеж хангалттай. Ихэнх бизнес үүнийг хийдэггүй, тиймээс хийсэн нь ялгарна.

Алхам 1. Жагсаалт (10 мин)

Үйлчлүүлэгчийн мэдээллийг хаана хадгалдаг вэ? Ихэвчлэн хаана ч хадгалдаггүй. Өнөөдрөөс эхэл:

  • Байгаа эх сурвалж: Messenger-ийн чатууд, утасны дуудлагын түүх, захиалгын дэвтэр, QPay-ийн гүйлгээ.
  • Энгийн хүснэгт: Google Sheets эсвэл утасны тэмдэглэлд 4 багана: Нэр · Утас/Messenger · Сүүлд ирсэн огноо · Юу авсан.
  • Одооноос: үйлчлүүлэгч бүрээс нэг зүйл ав — утас эсвэл Messenger. «Шинэ зүйл, баярын саналаа мэдэгдье, утсаа үлдээх үү?» гэхэд ихэнх нь өгдөг.

Хувь хүний мэдээллийг зөвхөн зөвшөөрлөөр нь ав, өөр хэнд ч бүү өг, татгалзвал устга.

Алхам 2. Хэзээ буцааж дуудах

Бизнесийн төрлөөс хамаарна. AI-аар өөрийн мөчлөгөө ол:

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Миний бизнесийн үйлчлүүлэгч дунджаар хэдэн хоногийн дараа дахин ирэх ёстой вэ (мөчлөг)? Тэр мөчлөгт тулгуурлан follow-up мессеж явуулах 3 цэгийг санал болго: (1) ирсний дараа талархал, (2) мөчлөг дөхөхөд сануулга, (3) мөчлөг өнгөрсөн ч ирээгүй бол буцааж дуудах. Цэг бүрийг хоногоор заа.

Жишээ: кофе шоп 7 хоног, үсчин 30 хоног, шүдний эмнэлэг 180 хоног.

Алхам 3. 5 мессежийн загвар (15 мин)

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Хуучин үйлчлүүлэгч рүү Messenger эсвэл SMS-ээр явуулах 5 мессеж бич:
1. Ирсний маргааш: талархал + нэг асуулт (үйлчилгээ ямар байсан).
2. Мөчлөг дөхөхөд: сануулга, шахалтгүй.
3. Мөчлөг өнгөрсөн ч ирээгүй: «таныг санаж байна» + дахин ирэх нэг жижиг шалтгаан (шинэ зүйл, улирлын санал).
4. Төрсөн өдөр эсвэл баяр: хувийн мэндчилгээ + бэлэг (хямдрал биш, нэмэлт зүйл).
5. 3 сар ирээгүй: сүүлчийн нэг мессеж, «хэрэв хүсэхгүй бол бичихээ болино» гэсэн утгатай.
Дүрэм: 2–3 өгүүлбэр, нэрээр нь хандана ([НЭР] гэж үлдээ), шахалтгүй, «хямдрал» гэдэг үгийг хамгийн ихдээ нэг мессежид л хэрэглэ, хариулахад амархан нэг асуултаар төгсгө.

Мессежүүдээ утсандаа хадгалаад, явуулахдаа [НЭР]-ийн оронд тухайн хүний нэрийг бич. Нэг хүнд нэг дор олон мессеж бүү явуул.

Алхам 4. Сар бүрийн нэг удаагийн ажил (15 мин/сар)

Сарын эхний даваа гарагт:

  1. Жагсаалтаа нээ, «Сүүлд ирсэн огноо» баганыг хар.
  2. Мөчлөгөөс хэтэрсэн хүмүүсийг ялга (кофе шоп бол 14+ хоног, үсчин бол 45+ хоног).
  3. Тэдэнд 3-р мессежийг явуул. Өдөрт 10-аас олонгүй хүнд, тэгвэл хариу ирэхэд амжиж хариулна.
  4. Хариулсан хүнийг тэмдэглэ.

Энэ 15 минут нь сарын хамгийн ашигтай 15 минут. Нэг ч төгрөг зарцуулахгүй, харин буцаж ирсэн хүн бүр цэвэр орлого.

Алхам 5. Баяр, улирал ашиглах

Цагаан сар, Наадам, 9-р сарын 1, Шинэ жил, Эмэгтэйчүүдийн өдөр. Баяр бүрийн өмнө нэг мессеж явуул:

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
[Баярын нэр] дөхөж байна. Хуучин үйлчлүүлэгчид явуулах нэг мессеж бич: мэндчилгээ + баярт зориулсан нэг тодорхой санал (юу, хэзээ хүртэл) + захиалах арга. 3 өгүүлбэр. Санал: [саналаа өөрөө бич, AI-аар зохиолгохгүй].

Шалгах

Түгээмэл алдаа

  1. Зөвхөн хямдрал санал болгох. Хямдралд дассан хүн зөвхөн хямдралтай үед ирдэг. Шинэ зүйл, баяр, хувийн анхаарлаар дуудах нь үнэ цэнийг хадгална.
  2. Бөөнөөр нь нэг текст явуулах. Нэрээр нь хандаж, сүүлд юу авсныг нь дурдвал хариу хэд дахин их ирдэг.
  3. Хариулсан хүнийг орхих. «Ирнэ ээ» гэсэн хүнийг 3 хоногийн дараа дахин нэг удаа сануул.
  4. Жагсаалт хөтлөхгүй байх. Өнөөдөр 0 хүнтэй эхлэвэл 3 сарын дараа 100 хүнтэй болно. Эхлэхгүй бол 3 сарын дараа ч 0.

Бүлэг 6 / 7

Санал (offer) зохиох

Энэ бүлгийн дараа: нэг хуудас санал бэлэн болно: хэнд, юу, яагаад одоо. Пост, зар, Messenger-ийн хариулт бүр энэ саналаас эхэлнэ. 45 минут.

Яагаад

«Манайд кофе байна, 8,000₮» гэдэг бол санал биш, үнийн шошго. Хүмүүс кофе биш, шийдлийг худалдаж авдаг: өглөөний 10 минутын амралт, уулзалт хийх тухтай газар, хүүхэдтэйгээ суух боломж. Саналаа тодорхой болгосон бизнес үнээ бууруулахгүйгээр борлуулдаг. Энэ бүлэгт Alex Hormozi-ийн «$100M Offers» номын гол санааг Монголын жижиг бизнест тааруулж тайлбарласан.

Үнэ цэнийн 4 асуулт

Хүн худалдаж авахдаа дотроо 4 зүйлийг бодож жигнэдэг:

АсуултСанал яаж хариулах
Юу авах вэ? (хүсэж буй үр дүн)Бүтээгдэхүүн биш, үр дүнг хэл: «цагаан шүд» биш «инээмсэглэхээсээ ичихгүй»
Бүтэх үү? (итгэл)Нотолгоо: сэтгэгдэл, тоо, баталгаа
Хэр удах вэ? (хугацаа)Эхний үр дүн хурдан: «эхний удаад л»
Хэр төвөгтэй вэ? (хүчин чармайлт)Хялбар: «бичихэд л», «бид ирнэ», «бэлэн»

Үр дүн, итгэл их байх тусам, хугацаа, төвөг бага байх тусам санал хүчтэй болно. Үнэ үүний дараа л яригдана.

Алхам 1. Үйлчлүүлэгчээ нэг хүн болгож тодорхойл (10 мин)

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Миний хамгийн сайн үйлчлүүлэгч (хамгийн их төлдөг, хамгийн бага асуудал үүсгэдэг, дахин ирдэг) хэн бэ? Нэг хүн болгож тодорхойл: нас, ажил, өдөр нь хэрхэн өнгөрдөг, манайд ирэхээсээ өмнө ямар асуудалтай байсан, манайхаас юу хүсдэг, юунаас болгоомжилдог. 10 мөрөөс хэтрэхгүй.

Энэ хүнд зориулж бич. Бүх хүнд зориулсан санал хэнд ч хүрдэггүй.

Алхам 2. Саналаа 4 асуултаар бич (15 мин)

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Үйлчлүүлэгч: [1-р алхмын хариултыг хуул].
Миний гол бүтээгдэхүүн/үйлчилгээ: [нэр, үнэ].
Үүнийг 4 асуултаар санал болгон бич:
1. Үр дүн: үйлчлүүлэгчийн хэлээр, бүтээгдэхүүний тайлбар биш, амьдралд нь юу өөрчлөгдөхийг.
2. Итгэл: надад байгаа бодит нотолгоо (би өгнө: [сэтгэгдэл, туршлагын жил, тоо]) — зохиохгүй.
3. Хугацаа: эхний үр дүн хэзээ.
4. Хялбар байдал: үйлчлүүлэгч ердөө юу хийхэд хангалттай вэ.
Дараа нь үүнийг нэг догол мөрт (4–5 өгүүлбэр) нэгтгэж, санал хэлбэрээр энгийн үгээр бич.

AI-ийн бичсэн нотолгоог шалга. Байхгүй зүйлийг хас.

Алхам 3. Нэмэлт үнэ цэнэ (bonus) ба «яагаад одоо» (10 мин)

Хоёр зүйл саналыг «болох юм» гэснээс «одоо авна» болгодог:

  • Bonus: үндсэн зүйл дээр нэмэх жижиг зүйл: танд хямд, үйлчлүүлэгчид үнэтэй. Кофе шоп: «өглөө 9-өөс өмнө ирвэл нарийн боов бэлэглэнэ». Үсчин: «эхний удаад үсний зөвлөгөө». Эмнэлэг: «эхний үзлэг + бичгээр гаргасан төлөвлөгөө».
  • Яагаад одоо: бодит хязгаар. Цаг (энэ сард), тоо (эхний 20 хүнд), улирал. Хуурамч хязгаар бүү тавь, хүмүүс үүнийг мэдэрдэг.
Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Миний санал: [2-р алхмын догол мөр]. Үүнд нэмэх 5 bonus санаа бич: надад бараг зардалгүй, үйлчлүүлэгчид бодитоор хэрэгтэй. Мөн «яагаад одоо» гэсэн 3 бодит хязгаар санал болго (цаг, тоо, улирал). Хуурамч яаруу байдал бүү үүсгэ.

Алхам 4. Нэг хуудас санал

Бүгдийг нэг хуудсанд нэгтгэ. Энэ хуудас нь пост, зар, Messenger-ийн хариулт, Google-ийн тайлбар бүрийн эх сурвалж:

Prompt
САНАЛ
Хэнд: [нэг хүн, нэг мөр]
Үр дүн: [юу өөрчлөгдөх, нэг өгүүлбэр]
Юу багтах: [үндсэн + bonus, 3-5 мөр]
Нотолгоо: [бодит, 1-2 мөр]
Хугацаа: [эхний үр дүн хэзээ]
Хэрхэн авах: [нэг алхам: бичих, залгах, ирэх]
Үнэ: [тоо] — яагаад одоо: [бодит хязгаар]

Үнэ хамгийн сүүлд. Үр дүн, нотолгоо, хялбар байдлыг уншсаны дараа үнэ бага санагддаг.

Алхам 5. Үнэ

Хамгийн хямд байх гэж бүү өрсөлд: танаас хямд нь үргэлж гарч ирнэ. Үнийг ажилтан хөлслөхтэй, асуудлыг шийдэлгүй орхисны зардалтай, цаг хугацаатай харьцуул. Үйлчлүүлэгчид 2 сонголт үзүүл (энгийн / бүрэн), 5 биш. Харьцуулах зүйлтэй хүн шийдвэрээ хурдан гаргадаг.

Шалгах

Түгээмэл алдаа

  1. Бүтээгдэхүүнээ тайлбарлах. «Арабика кофе, 250 мл» гэдэг нь үр дүн биш. Хүн юу мэдрэхийг хэл.
  2. Бүгдэд зориулах. «Хүн бүрт» гэсэн санал хэнийх ч биш.
  3. Хуурамч хязгаар. «Зөвхөн өнөөдөр» гээд маргааш нь дахин тавих. Нэг удаа илэрхэд л итгэл алга болно.
  4. Үнээс эхлэх. Эхний өгүүлбэрт үнэ бичвэл хүн үр дүнг уншихгүй.
  5. Нотолгоо зохиох. AI «500 сэтгэл хангалуун үйлчлүүлэгч» гэж бичвэл устга. Бодит 5 сэтгэгдэл зохиомол 500-аас илүү.

Бүлэг 7 / 7

Хэзээ автоматжуулалт хэрэгтэй вэ

Энэ бүлгийн дараа: юуг өөрөө хийхээ, юуг системд даатгахаа мэднэ. 15 минут.

Яагаад

Өмнөх 6 бүлгийг хийсэн бол та аль хэдийн асуулт, хариултын сантай, сарын контенттой, үйлчлүүлэгчийн жагсаалттай, нэг хуудас саналтай болсон. Эдгээр бүгд гараар явагддаг. Бизнес өсөхөд гар хүрэлцэхээ болино. Автоматжуулалт гэдэг нь ижил ажлыг хүн оролцохгүйгээр, 24 цагаар, ижил чанартай хийх гэсэн үг.

Өөрөө хийх үү, системд даатгах уу: 3 шалгуур

Нэг ажлыг системд даатгах цаг болсон эсэхийг 3 асуултаар шалга:

  1. Давтамж: өдөрт 5-аас олон удаа давтагддаг уу?
  2. Ижил байдал: 80% нь ижил хариулт, ижил алхам уу?
  3. Цаг: та эсвэл ажилтан тань үүнд өдөрт 30 минутаас илүү зарцуулдаг уу?

Гурвууланд нь «тийм» гэж хариулбал автоматжуулалт зардлаа эхний сард л нөхнө. Аль нэгэнд нь «үгүй» бол гараар үргэлжлүүл, 1–6-р бүлэг хангалттай.

Prompt
[БИЗНЕСИЙН КАРТ]
Миний бизнесийн өдөр тутмын давтагддаг 10 ажлыг жагсаа (Messenger хариулах, захиалга бүртгэх, сануулах, төлбөр шалгах, тайлан гаргах гэх мэт). Тус бүрд: өдөрт хэдэн удаа, хэр ижил (%), өдөрт хэдэн минут. 3 шалгуураар (өдөрт 5-аас олон удаа, 80% нь ижил, өдөрт 30 минутаас илүү) аль нь автоматжуулалтад бэлэн болсныг ангил.

Ихэвчлэн эхлээд автоматжуулдаг 4 зүйл

АжилГараарСистемээр
Messenger-ийн асуулт2-р бүлгийн автомат хариулт: 4 FAQ товчлуур, ажлын бус цагийн хариултAI bot: ихэнх асуултыг ойлгож, танай мэдээллээр хариулна, цаг захиалга авна, хүн хэрэгтэй үед танд мэдэгдэнэ. 24/7, латинаар бичсэн ч ойлгоно
Цаг, ширээ захиалгаЧатаар асуугаад дэвтэрт бичихСайт дээр үйлчлүүлэгч өөрөө сул цагийг сонгоно, давхардахгүй, сануулга автоматаар очно
Follow-up5-р бүлгийн сарын 15 минутМөчлөг өнгөрөхөд мессеж өөрөө явна, хариулсныг бүртгэнэ
ТайланСарын сүүлд тоолохДолоо хоног бүр: хэдэн асуулт, захиалга, хаанаас ирсэн

Хоёр зам

Өөрөө хийх. Meta-гийн автоматжуулалт (2-р бүлэг) төлбөргүй, 20 минутад. Дараагийн шат нь ManyChat, Chatfuel гэх мэт хэрэгсэл, сард 20–60 мянган төгрөг, өөрөө тохируулахад хэдэн цаг. Монгол хэлийг хэр сайн ойлгох нь хэрэгслээс хамаарна, туршаад үз.

Хийлгэх. Бизнесийн эзэн системээ өөрөө барих шаардлагагүй. Kova-гийн AI систем үйлчилгээ дээрх 4 зүйлийг нэг дор, танай бизнест тааруулж хийж өгдөг: сайт + захиалга + Messenger bot + нэг автоматжуулалт. 7–14 хоногт бэлэн болно. Дараа нь bot ажилласаар, сар бүр засвар хийгдэж, тайлан ирнэ. Үнэ, дэлгэрэнгүй: kovadigitallab.com.

Аль замыг сонгохоос үл хамааран, 1–6-р бүлгийн ажил хэрэгтэй: хариултын сан, санал, үйлчлүүлэгчийн жагсаалт нь ямар ч системийн суурь. Эдгээр байхгүй бол bot хоосон хариулдаг.

Шалгах

Түгээмэл алдаа

  1. Суурьгүй автоматжуулах. Хариултын сан, саналгүй bot нь үйлчлүүлэгчийг уурлуулдаг.
  2. Бүгдийг нэг дор автоматжуулах. Нэг ажлаас эхэл (ихэвчлэн Messenger), тэр нь ажиллаж эхэлсний дараа дараагийнх руу шилж.
  3. Хүнийг бүрэн хасах. Гомдол, том захиалга, онцгой асуулт хүнд үлдэх ёстой. Сайн систем «хэзээ хүн дуудахаа» мэддэг.
  4. Тохируулаад мартах. Үнэ, цаг өөрчлөгдөхөд системийн мэдээллийг шинэчил. Хуучин үнээр хариулдаг bot нь bot байхгүйгээс ч муу.

Ингээд гарын авлага дууслаа. 7 бүлгийг хийсэн бол та Монголын ихэнх бизнесээс урд явж байна. Асуулт гарвал 15 минутын дуудлага товлох эрхтэй: Kova Lab-ийн Messenger-т «ДУУДЛАГА» гэж бичихэд л хангалттай. Энэ хуудас байнга шинэчлэгдэнэ, худалдаж авсан бүх хүн шинэчлэлийг нэмэлт төлбөргүй авна.